Blog Thumbnail

Өгөгдөл гэж юу вэ?

Мэдлэг

Өгөгдөл бол боловсруулагдаагүй мэдээлэл. Өгөгдөл бол баримтуудын цуглуулга юм. Бидний эргэн тойрон хором бүр өгөгдөл үүсч байдаг. Таны өглөө боссон цаг, идсэн хоолны орц, худалдан авсан барааны үнэ гэх мэт. Өгөгдөлд боловсруулалт хийж, хэрэгцээтэй мэдээллийг гарган авдаг. Таны өгөгдлүүдэд боловсруулалт хийж нойрны хэм тогтвортой эсэх, хоол хүнсээ тохируулан хэрэглэж байна уу, сарын дундаж хэрэглээний зардлын өөрчлөлт гэх мэт мэдээллийг гарган авч болно. ~ ~ ~ `Үйлдэл, хөдөлгөөн, үг яриа бүхнээс өгөгдөл үүсэх боломжтой.` Бидний тархи эргэн тойрны нөхцөл байдал, болж буй үйл явдлуудын талаарх өгөгдлүүдийг бүртгэж, түүнд үндэслэн аливаад үнэлэлт, дүгнэлт өгч байдаг. Өгөгдлийг зөвхөн ажиглаад өнгөрөх бус түүнийг хадгалж, боловсруулж, хэрэгцээтэй мэдээлэл болгон хувиргаснаар жинхэнэ үнэ цэнийг нь нээнэ. Өгөгдлийг тоо, үсэг, тэмдэгт, зураг гэх мэт олон янзын хэлбэрээр үүсгэн хадгалж болно. Эрт үед анхны өгөгдлийг амьтны яс, хад, чулуун дээр үлдээн мэдээлэл дамжуулдаг байв. Дараа нь цаас ашиглах болсон бол өдгөө бид цахим өгөгдлийн эринд амьдарч байна. Статистик мэдээ, тооллого, судалгаагаар илүү албан ёсны өгөгдлийг үүсгэдэг бол технологийн дэвшлийн тусламжтай өдөр тутмын энгийн үйлдлүүд ч өгөгдөл болон хадгалагдах болсон. ~ ~ ~ Өгөгдөл бидний өдөр тутмын шийдвэр гаргалтад тусалдаг. Цаг агаарын мэдээний тусламжтай бид маргааш юу өмсөх, амралтын өдрөөр юу хийхээ төлөвлөдөг. Машиныхаа хянах самбараас шатахууны хэрэглээ, хурдаа хянаж байдаг. Гар утасны оператор таны төрсөн өдрөөр үнэгүй ярих эрх бэлэглэж байна. Хадгаламжаа төгрөгөөр хийх үү, доллараар хийх үү гэдгийг долларын ханшийг харж шийднэ. И-баримтаа бүртгүүлж сар бүр хэрэглээний зардлаа хянах боломжтой болж байна. Өрхийн амьжиргааны түвшний судалгааны өгөгдөлд үндэслэн халамжийн үйлчилгээг хэнд хүртээхийг шийддэг. Өгөгдлийн хэрэглээ маш өргөн бөгөөд түүний тусламжтай нийгмийн болон бизнесийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цахим өгөгдөлд суурилсан хэрэглээг хялбарчлах шийдлүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах системүүд, эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэлт, төрийн үйлчилгээ, бизнесийн загварууд өгөгдлийн тусламжтай илүү үр ашигтай, хүртээмжтэй болж байна. `Өгөгдлийн тусламжтай бидний амьдрал илүү таатай болох боломжтой.` "