Blog Thumbnail

Их өгөгдөл

Мэдлэг

Технологийн дэвшил нь их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд үүсгэх, боловсруулах боломжийг бидэнд нээсэн. Өгөгдлийг зөвхөн хүн үүсгээд зогсохгүй бидний эргэн тойронд байгаа төхөөрөмжүүд өгөгдөл үүсгэж байна. Интернэт, нийгмийн сүлжээ, ухаалаг утас, байршил тогтоогч, мэдрэгч төхөөрөмжүүд хором бүрт маш их өгөгдлийг үйлдвэрлэж, урьд нь огт бүртгэгддэггүй байсан өгөгдлүүд бүртгэгдэж, хаа нэгтээ хадгалагдаж байна. Үүнийг “big data” буюу “их өгөгдөл” гэж нэрлэж буй юм. Төлбөрийн карт уншуулах, интернэтээс хайлт хийх, олон нийтийн сүлжээнд холбогдохоос эхлээд таны хаашаа явж, юу хийж байгаа үйлдэл бүхэн өгөгдөл болон хувирч, хадгалагдаж байна. Бид өдөр тутмын үйлдлүүдээ “өгөгдөлжүүлж” эргээд түүнийгээ ашиглах боломжтой болсон. Ухаалаг утсандаа өөрийн эрүүл мэндийн байдал, дасгал хөдөлгөөн, орлого зарлагаа бүртгэж, хянах боломжтой. GPS төхөөрөмжийн тусламжтай та хүүхдээ хаана байгааг мэдэж болно. `Бидний өдөр тутмын амьдрал зогсолтгүй үргэлжлэх цахим өгөгдлийн урсгалыг бий болгож байна.` ~ ~ ~ Их өгөгдлийг маркетинг, бизнесийн шийдвэр гаргалтад түгээмэл ашиглах болсон. Таны өчигдөр ямар нэг вэбсайтаас харсан барааг өнөөдөр Facebook сурталчилгааны хэсэгтээ харуулж буйг та анзаарсан уу? Amazon танд таалагдах барааг урьдчилан тодорхойлоод, танд хамгийн ойр байрлах агуулахад аль хэдийнэ хүргүүлээд илүү хямд хүргэлтийн үнийг танд санал болгож байна. Банк таны картын өгөгдөлд шинжилгээ хийж хэт их дүнтэй гүйлгээ хийгдэх, эсвэл таны урьд нь огт гүйлгээ хийж байгаагүй онцгой газар, онцгой цагт ямар нэг гүйлгээ хийгдэх тохиолдолд тэр даруй танд анхааруулдаг. Их өгөгдлийн тусламжтай нийгмийн асуудлуудыг ч шийдвэрлэж буй. Ухаалаг нийтийн тээврийн систем, гамшгийн хяналтын системүүд, гал түймэр, газар хөдлөлтөөс сэргийлэх хяналтын системүүд, замын хөдөлгөөний ачаалал, эрүүл мэндийн хяналтын системүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд их өгөгдлийг ашиглаж байна. Google-ийн хайлтын өгөгдөлд шинжилгээ хийж халдварт өвчний талаар хайж буй давтамжийг тодорхойлоод хаана их тархсан, хаашаа халдварлах магадлал өндөр байгааг хүртэл таамаглаж, урьдчилан сэргийлэх оролдлого хийгдэж байна. `Үйлдэл өгөгдөл болон хувирч, түүнийг боловсруулснаар өгөгдөл ярьж эхэлж байна.`