Blog Thumbnail

Дэлхийн инновацийн тайлан 2019

Мэдээ

2019 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллага Global Innovation Index 2019 буюу Дэлхийн инновацийн тайлан 2019 судалгааг танилцууллаа. Корнеллын их сургууль, Европын бизнесийн удирдлагын хүрээлэн (INSEAD) болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) хамтран жил бүр боловсруулдаг тус судалгаа нь дэлхийн улс орнуудыг инновацийн чадавхи, иннновацийг дэмжих бодлого ба инновацийн хөгжлөөр нь эрэмбэлж үнэлдэг. 2007 оноос эхлэн гаргасан судалгаанд 129 улс хамрагдсан бөгөөд инновацийн үр өгөөжийг хамгийн их хүртэж буй улсуудаар Швейцарь, Швед, АНУ шалгараад байна. 1. Швейцарь 2. Швед 3. АНУ 4. Нидерланд 5. Их Британи 6. Финлянд 7. Дани 8. Сингапур 9. ХБНГУ 10. Израйл Манай улсын худалдааны гол түншүүд болох БНСУ 11 дүгээрт, БНХАУ 14 дүгээрт, Япон 15 дугаарт, ОХУ 46 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Судалгаанд хамрагдсан 129 орноос Монгол Улс 53 дугаарт эрэмбэлэгдэв. Нийт 100 онооноос 36 оноогоор үнэлэгджээ. Монгол Улсын хувьд зах зээлийн нээлттэй байдал, оюуны өмчийн бүртгэлжүүлэлт өндөр (шинэ бүтээл, барааны тэмдэг, ашигтай загвар), залуусын боловсролын түвшин сайн, тэдний шинээр бизнес эхлүүлэх сонирхол их байдаг зэрэг нь инновацийн хөгжлийг дэмжих давуу талыг бий болгож байна. Харин оюуны өмчийн үнэлэмж муу, судалгаа ба хөгжүүлэлт, боловсролын салбарт зарцуулах зардал бага, бизнес ба их сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа сул, өндөр технологийн үйлдвэрлэл, экспорт байхгүй, хууль эрхзүй, төрийн дэмжлэг сул зэрэг нь инновацийн орчин, дэд бүтцийг бүрдүүлэхэд саад болж байна. Судалгааны хүрээнд инновацийн индексийг 80 шалгуур үзүүлэлтээр хэмждэг ба эдгээр нь 2 үндсэн бүлэг, 7 дэд бүлгийг хамардаг. 1. Инновацийн орцын индекс - инновацийг дэмжих орчин • Институци • Хүний хөгжил ба судалгаа • Дэд бүтэц • Зах зээлийн орчин • Бизнесийн орчин 2. Инновацийн гарцын индекс - инновацийн үр дүн • Мэдлэг ба технологийн гарц • Бүтээлч гарц Монгол Улсын инновацийн орцын индексээр 73 дугаарт, инновацийн гарцын индексээр 44 дүгээрт эрэмбэлэгдээд байна. Институци буюу хууль эрхзүй, улс төрийн орчны үзүүлэлтээр 76 дугаарт (100 онооноос 60 оноо), хүний хөгжил ба судалгаа үзүүлэлтээр 84 дүгээрт (100 онооноос 25 оноо), технологийн дэд бүтцийн үзүүлэлтээр 84 дүгээрт (100 онооноос 41 оноо), зах зээлийн орчны үзүүлэлтээр 13 дугаарт (100 онооноос 62 оноо), бизнесийн орчны үзүүлэлтээр 108 дугаарт (100 онооноос 24 оноо), мэдлэг ба техонологийн гарцын үзүүлэлтээр 86 дугаарт (100 онооноос 17 оноо), бүтээлч гарцын үзүүлэлтээр 18 дугаарт (100 онооноос 44 оноо) тус тус эрэмбэлэгджээ. ~~~ Дэлхий даяар инноваци, технологийн дэвшил, өгөгдлийн ашиглалтыг хөгжлийн хурдасгуур гэдэгтэй аль хэдийн санал нэгдээд байна. Эдийн засгийн өсөлтийг үл харгалзан инноваци цэцэглэж байна. Инноваци өндөр хөгжилтэй орнуудад төвлөрч байгаа ч дундаж-орлоготой эдийн засгууд руу чиглэн хувьсаж байна. Мөн ирэх жилүүдэд эрүүл мэндийн салбар дахь инноваци илүү анхаарал татахаар байгааг судалгааны үр дүн онцолсон байна. Судалгааны тайлантай www.wipo.int хаягаар орж танилцана уу.