МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2023
2024 | 10
- ШҮҮХИЙН ИНДЕКС ТООЦООЛОЛ
- ӨГӨГДЛИЙН ДҮРСЛЭЛ БА ТАЙЛАНГИЙН БҮТЭЭЛЧ ДИЗАЙН
- ЦАХИМ ХУУДАСНЫ ДИЗАЙН БА ХӨГЖҮҮЛЭЛТ
- Захиалагч: НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ | ОЮУНЫ-ИННОВАЦИ ТББ
Шүүхийн индекс нь шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлж, бодитой үнэлгээ өгөх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилготой 2021 оноос эхлэн хоёр жил тутамд танилцуулж буй судалгаа юм.
Судалгаа нь шүүхийн үйл ажиллагааг 6 үндсэн хэмжигдэхүүн, түүнээс улбаалсан 42 дэд хэмжигдэхүүн, тэдгээрийг илэрхийлэх 108 шалгуур үзүүлэлтээр олон нийтийн санал асуулга, салбарын шинжээчдийн буюу мэргэжилтнүүдийн санал асуулга, захиргааны мэдээлэл гэсэн үндсэн 3 эх сурвалжийн хүрээнд цуглуулсан мэдээлэлд суурилан үнэлдэг. Индекс нь 0-100 оноогоор хэмжигдэх ба 0 оноо нь хамгийн сул, 100 оноо нь хамгийн сайн утгыг илэрхийлнэ.
Нээлттэй нийгэм форумаас санаачлан Оюуны-Инноваци ТББ хамтран хэрэгжүүлж буй энэхүү судалгаанд Тунгаахуй өгөгдлийн урлан судалгааны үндсэн багт ажиллан өгөгдлийн шинжилгээ, индексийн тооцооллыг гүйцэтгэхээс гадна судалгааны багц бүтээгдэхүүн хөгжүүлэлт болох өгөгдлийн дүрслэл, тайлангийн дизайн, цахим хуудасны шийдэл, хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна.
Шүүхийн индексийн өгөгдлийн дүрслэл
Шүүхийн үйл ажиллагааг тоогоор хэмжсэн индексийн үр дүнг дүрслэхдээ "тэгш хэм, цэгц, үнэн зөв" утгыг илэрхийлж, бүх дотоод өнцөг нь тэнцүү ромбо дүрсийг ашигласан. Индексийн 100 онооноос бодит гүйцэтгэл хэр зөрүүтэй байгааг давхарласан дүрсний ялгаагаар харьцуулах буюу өгөгдлийн тоон утгын ялгааг "харах" боломжийг олгоно. Энгийн геометр дүрсийг өгөгдлийн илэрхийлэмж болгон ашигласан нь судалгааны дизайны ялгарлыг бүтээж, судалгааны сэдэв, агуулгад тохирсон "энгийн бөгөөд үнэн зөв" гэх мэдрэмжийг уншигчдад хүргэх зорилготой. |
Индексийн шалгуур үзүүлэлтүүдийн онооны гүйцэтгэл, хоорондын ялгааг зэрэгцүүлсэн дүрсний зөрүүгээр уншиж, харьцуулан дүгнэх боломжтой. |
Тайлангийн дизайн
Шүүхийн индексийн өгөгдлийн дүрслэл, судалгааны уншигчдад хүргэх агуулгад үндэслэн тайлангийн дизайныг "тэгш хэм, эмх цэгт, минимал" шийдлээр хөгжүүлсэн. |
Цахим хуудас
Шүүхийн индекс судалгааны интерактив цахим хуудсыг судалгааны өгөгдлийн дүрслэл, тайлангийн дизайнтай уялдуулан бүтээсэн. Ингэснээр судалгаа нь өгөгдлийн дүрслэл, тайлан, цахим хуудас гэсэн цогц бүтээгдэхүүн хөгжүүлэлттэй хэрэглэгчдэд хүрч буй юм. |
Шүүхийн индекс судалгааны http://judindex.forum.mn/ цахим хуудсаар дамжуулан судалгааны үр дүнтэй танилцах, хоёр жил тутмын үнэлгээг харьцуулан харах боломжтой. |
Цахим хуудас нь интерактив шийдэл буюу хэрэглэгч индексийн хүссэн шалгуур үзүүлэлтүүдээ сонгон, хооронд нь харьцуулан харах боломжийг олгосон. |
Нээлттэй өгөгдөл
Судалгаа нь Монгол Улсын шүүхийн нөхцөл байдлыг олон талаас тогтмол хэмжих, шүүхийн салбарт өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжин, цаашид нарийвчилсан судалгаа, хэлэлцүүлэг өрнүүлэх эх сурвалж болох зорилготой. Иймээс шүүхийн индекс тооцоход ашигласан задгай өгөгдөл буюу шүүхийн индексийн оноо, олон нийтийн болон мэргэжилтнүүдийн санал асуулгын өгөгдлийг цахим хуудсанд ‘нээлттэй өгөгдөл’ болгон нийтэлсэн. Шүүхийн индексийн нээлттэй өгөгдлийг CC BY 4.0 лицензтэйгээр буюу зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр чөлөөтэй ашиглах боломжтой юм. |
Судалгааны тайланг доорх холбоосоор татан авах боломжтой. Мөн http://judindex.forum.mn/ цахим хуудсаар дамжуулан судалгаатай танилцах, нээлттэй өгөгдлийг татан авч ашиглах боломжтой.