"УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ” өгөгдлийн дүрслэлийн цахим үзэсгэлэн
2025 | 06
|
"УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТИЙН ИЛ ТОД БАЙДАЛ" цахим үзэсгэлэнг Сонгуулийн ерөнхий хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран танилцуулж байна.
Улс төрийн нам нь олон нийтийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, сонгуульд өрсөлдөх, төрийн бодлогод оролцох зорилготой, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг сайн дурын нэгдэл юм. Нам нь ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн болохын хувьд идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, дотоод ардчилалтай, ил тод, бодлогын институци байх шаардлагатай. Үүний нэг шалгуур нь намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ялангуяа санхүүжилт ил тод, нээлттэй байх явдал.
Улс төрийн намууд сонгуулийн жил сонгуулийн зардлын тайлангаа Үндэсний аудитын газарт тайлагнадаг ч улс төрийн намын санхүүгийн бүрэн тайлан олон нийтэд ил тод байдаггүй нь удаан хугацаанд шүүмжлэл дагуулсаар ирсэн. Харин 2023 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар намууд жил бүрийн санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнах эрх зүйн зохицуулалт бүрдээд байна. Үүний үр дүнд намуудын 2024 оны санхүүгийн тайлантай олон нийт анх удаа нээлттэй танилцах боломж бүрдэж, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдалд томоохон ахиц гарч байна.
Өгөгдлийн дүрслэлийн цахим үзэсгэлэнгээр Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын 2024 оны санхүүгийн тайлангийн өгөгдөл болон Үндэсний аудитын газрын Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангийн өгөгдлийг танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн өгөгдлийн дүрслэлүүдийг нээлттэй өгөгдлийн дүрслэлийн сан (http://tungaahui.mn/pages/data-art.php)-аас татан авах, зохиогчийг дурдах нөхцөлтэйгээр чөлөөтэй ашиглах, нийтлэх, түгээх боломжтой.
|
|
![]()
![]()
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал олон улсад ямар түвшинд байна вэ?
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал нь дэлхий дахинд ардчиллын чанарыг хэмжих нэгэн чухал шалгуур үзүүлэлт болсон. Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-ийн улс төрийн санхүүжилтийн мэдээллийн санд дурдсанаар, дэлхийн 181 улсаас 143 улсад улс төрийн намууд санхүүгээ тогтмол тайлагнах хууль эрх зүйн зохицуулалттай. Үүнээс 116 улсад тайлагнасан мэдээллийг олон нийтэд нээлттэй байхаар зохицуулсан байдаг.
|
|
|
|
|
Монгол Улсад улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал хэрхэн зохицуулагдсан бэ?
Сонгуулийн төв байгууллагын тухай хууль (2006)-ийн 2023 оны нэмэлт өөрчлөлтөөр Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намуудын санхүүгийн тайланд хяналт тавих эрхийг хэрэгжүүлэх болж, 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь намуудын санхүүгийн тайланг хянаж, дүгнэлт гаргах, нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлэх болсон.
Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн 05 дугаар сард багтаан өөрийн цахим хуудсанд намын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны товч тайланг нийтэлнэ. Мөн улс төрийн нам өөрийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайлан, гишүүн, хандивын мэдээлэл зэргийг ил тод, нээлттэй байлгаж, цахим хуудсандаа тухай бүр шинэчлэн нийтлэх үүрэгтэй.
Түүнчлэн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн хандив, сонгуулийн зардлын тайлангаа Үндэсний аудитын газарт тайлагнах үүрэгтэй. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (2020), Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль (2019), Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль (2020)-д тус тус хуульчилсан. Үндэсний аудитын газар нь тайланг хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг ил тод мэдээлэх үүрэгтэй.
|

|
УЛС ТӨРИЙН НАМУУД 2024 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА БҮРЭН ТАЙЛАГНАСАН УУ?
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намаас 28 нь Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол 9 нам тайлан ирүүлээгүй байна. Тайлан ирүүлсэн намуудаас 13 нь тухайн хугацаанд санхүүгийн үйл ажиллагаа явуулаагүй хэмээн “Х” тайлан гаргасан буюу нийт 15 нам тайлант онд санхүүгийн үйл ажиллагаа явуулжээ.
Харин 37 намаас 11 нам өөрийн цахим хуудастай (Харилцаа холбооны зохицуулах хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэлтэй) бөгөөд тайлан ирүүлсэн 28 намаас 7 нь цахим хуудсандаа санхүүгийн мэдээллээ нээлттэй байршуулсан байна.
Улс төрийн намуудын үйл ажиллагаа ихэвчлэн сонгуулийн үеэр идэвхждэг болохыг санхүүгийн тайлагналын бодит үр дүнгээс харж болохоор байна. Албан ёсны цахим хуудасгүй, санхүүгийн тайлангаа нийтэд мэдээлдэггүй нам идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй. Цаашлаад тогтвортой бодлого боловсруулж, олон нийтийн төлөөлөл болж ажиллах эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Иймд Улс төрийн намын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаж ажиллах шаардлагатай юм.
Улс төрийн намын тухай хууль (2023)-д зааснаар хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох зохицуулалттай.
|
|
|
УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЦАР ХҮРЭЭ
Улс төрийн нам Сонгуулийн ерөнхий хороонд санхүүгийн тайлан ирүүлэхдээ үйл ажиллагааны товч тайланг хавсаргах ба санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намаас 2024 оны үйл ажиллагааны товч тайланг 23 нам ирүүлжээ. Тайланд дурдсанаар 2024 онд улс төрийн 22 нам нийт 610,450 гишүүнтэй байна.
Улс төрийн намуудын гишүүнчлэлийн бүтцийн онцлог нь хоёр намын давамгай байдлаар илэрнэ. Монгол Ардын Нам ба Ардчилсан Нам хоёр нийт намын гишүүдийн 85 хувийг бүрдүүлж буй бол бусад 22 нам нийлээд 15 хувийг эзэлж байна. Иргэдийн улс төрийн идэвхтэй гишүүнчлэл цөөн намд төвлөрч буй нь бусад намуудын төлөвшил, үйл ажиллагааны идэвхтэй байдал сул байгаатай холбоотой байж болно. Иймд Улс төрийн намын тухай хуульд зааснаар нам нь дотоод ардчилалтай, улсын хэмжээний бодлого, хөтөлбөр дэшүүлж идэвхтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулахыг шаарддаг.
|
|
|
УЛС ТӨРИЙН НАМЫН ХӨРӨНГИЙН БАЙДАЛ
Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намын 2024 оны эцсээрх хөрөнгийн нийт дүн 34.2 тэрбум төгрөгт хүрчээ. Улс төрийн нам тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд орлого олохоос гадна тодорхой хөрөнгийн баталгаатай байх шаардлагатай.
Санхүүгийн нөөцгүйн улмаас тогтвортой үйл ажиллагаа явуулах, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, бодлого боловсруулах, сонгуулийн кампанит ажил явуулахад хүндрэлтэй байдлыг бий болгож байдаг. Иймд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нам идэвхтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулах шаардлага бий болсон.
|
|

|
УЛС ТӨРИЙН НАМЫН ХӨРӨНГИЙН БҮТЭЦ
Улс төрийн намын хөрөнгөд мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, авлага, урьдчилж төлсөн зардал/тооцоо, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, бусад хөрөнгийг хамааруулдаг.
Намуудын хөрөнгийн зөрүү их байгаагаас гадна хөрөнгийн төрөлжсөн байдал ч сул байна. Тухайлбал:
- Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намаас нэг нам өөрийн барилгатай.
- 4 нам бэлэн мөнгөний үлдэгдэлгүй, 11 нам 1 төгрөгнөөс бага бэлэн мөнгөний үлдэгдэлтэй.
- Хоёр нам тээврийн хэрэгсэлтэй.
- 20 нам огт компьютер техник хэрэгсэлгүй.
- 28 намаас хоёр нам биет бус хөрөнгөтэй байна.
|
|
|
УЛС ТӨРИЙН НАМЫН ОРЛОГО
Улс төрийн намуудын орлогын төвлөрөл ялгаа ихтэй. Намуудын дийлэнх нь тогтмол орлогын эх үүсвэрээ бүрдүүлж чадаагүй, үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавх сул байна.
Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 намын 15 нь 2024 онд санхүүгийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2024 оны нийт орлого бүрдүүлэлт нь 16.5 тэрбум төгрөг (сонгуулийн хандив ороогүй) байсан.
|
|
|
УЛС ТӨРИЙН НАМЫН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР
Улс төрийн намын орлого нь төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, гишүүний татвар, намд өгсөн хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого болон бусад орлогоос бүрдэж байна.
Тайлан ирүүлж, санхүүгийн үйл ажиллагаа явуулсан 15 намаас ердөө 6 нь орлогынхоо дор хаяж 30 хувийг гишүүний татвараас бүрдүүлсэн байна. Энэ нь ихэнх нам тогтвортой үйл ажиллагаа явуулж, гишүүнчлэлээ идэвхжүүлдэггүйг харуулж байна. Гурван нам огт гишүүний татвар аваагүй байна.
|
|
|
2024 ОНД ЯМАР УЛС ТӨРИЙН НАМ ХАМГИЙН ИХ ХАНДИВ ТӨВЛӨРҮҮЛСЭН БЭ?
Тайлант онд санхүүгийн үйл ажиллагаа явуулсан 15 намын хандив, түүнтэй холбоотой бүртгэлээс үзэхэд 10 нам иргэн болон хуулийн этгээдээс нийт 1.6 тэрбум төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив (сонгуулийн хандив ороогүй) цуглуулжээ. Хандивыг улс төрийн намд иргэн, эсвэл хуулийн этгээд өгөх боломжтой. 2024 онд улс төрийн намын бүрдүүлсэн хандивын дийлэнхийг буюу 66 хувийг иргэний хандив бүрдүүлсэн.
|
|
|
НЭГ ХАНДИВЛАГЧИД НОГДОХ ДУНДАЖ ХАНДИВ ХЭДЭН ТӨГРӨГ БАЙСАН БЭ?
Улс төрийн намын нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүүгүй (2024 оны байдлаар 7,920,000 төгрөгөөс илүүгүй), нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүүгүй (2024 оны байдлаар 33 сая төгрөгөөс илүүгүй) байх хуулийн зохицуулалттай.
2024 оны байдлаар намуудын нэг хандивлагчид ногдох иргэний хандивын дундаж хэмжээ хамгийн ихдээ 3.8 сая төгрөг бол хуулийн этгээдийн хандивын дундаж хэмжээ 12.0 сая төгрөг (сонгуулийн хандив ороогүй) байна.
Улс төрийн намуудад 2024 онд нийт 79 хуулийн этгээд, 852 иргэн хандив өгчээ.
|
|
|
УЛС ТӨРИЙН НАМЫН ЗАРДАЛ
Тайлант онд үйл ажиллагаа явуулж, санхүүгийн тайлан ирүүлсэн 15 нам нь үйл ажиллагааны зардалдаа нийт 17.7 тэрбум төгрөг зарцуулж (сонгуулийн зардал ороогүй) тайлагнасан.
|
|
|
СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ БА ЗАРДАЛ
Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн нам санхүүгийн тайлан, үйл ажиллагааны товч тайлангаатайлагнадаг бол Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа танилцуулдаг.
2024 онд явагдсан Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн санхүүжилт болон зардлын тайлангаас харвал:
- Сонгуульд нийт 19 нам, 2 эвсэл оролцсоноос Үндэсний аудитын газарт зардлын тайлангаа 16 нам, 2 эвсэл ирүүлсэн.
- 19 нам, 2 эвслээс 927, бие дааж 42, нийт 969 иргэн нэр дэвшсэнээс Үндэсний аудитын газарт 820 нэр дэвшигч зардлын тайлан ирүүлснээс 681 нэр дэвшигчийн тайланд дансны гүйлгээ хийгдсэн.
- Сонгуулийн нийт санхүүжилтийн дүн 106.5 тэрбум төгрөг байсан. Үүнээс нэр дэвшигчдийн бүрдүүлсэн нийт санхүүжилт 93.6 тэрбум төгрөг, нам, эвслийн бүрдүүлсэн нийт санхүүжилт 12.9 тэрбум төгрөг байв.
- Сонгуулийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь иргэдийн хандив буюу нийт санхүүжилтийн 58 хувийг бүрдүүлсэн. Хуулийн этгээдийн хандив ч мөн голлох эх үүсвэрийн нэг бөгөөд нийт санхүүжилтийн 21 хувийг бүрдүүлсэн.
- Нам, эвсэл, нэр дэвшигчдийн өөрсдийн оруулсан хөрөнгө нийт санхүүжилтийн мөн 21 хувийг бүрдүүлжээ.
- Зардлын хувьд нэр дэвшигчдийн сонгуулийн нийт зардал 93.6 тэрбум төгрөг, намуудын сонгуулийн нийт зардал 14.9 тэрбум төгрөг байсан. Зардлын дийлэнх (62%) нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдсан.
|
|
|
СОНГУУЛИЙН МӨНГӨН ХАНДИВЫН УРСГАЛ
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэн арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд гучин сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгөх зохицуулалттай. Сонгуулийн хандив нь бүтцийн хувьд иргэний хандив давамгайлсан байх тохиромжтой буюу сонгууль, улс төрийн намын үйл ажиллагаа бизнесээс аль болох хамаарал бага байх нь зохимжтой гэж үздэг.
|
|

|
СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ БА ҮР ДҮН
Сонгуульд зарцуулсан мөнгө болон сонгуулийн ялалт хоорондоо хамааралтай юу? 2024 оны сонгуулиар УИХ-д авсан нэг суудалд дунджаар хэдэн төгрөгийн сонгуулийн зардал зарцуулагдсаныг та бүхэн энэхүү өгөгдлийн дүрслэлээс харж, өөрийн дүгнэлтээ хийнэ үү.
|
|