НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ҮНЭ ЦЭН II 2023

2023 | 09


 
Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Тунгаахуй өгөгдлийн урлан хэрэгжүүлж буй “Нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын албан хаагчдад “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд өгөгдлөө “нээж” буй үйл явц нь хууль эрхзүйн хувьд шинэ тутам бөгөөд чанартай нээлттэй өгөгдөл үүсгэх, бодит хэрэглээнд оруулахад тодорхой хүчин чармайлт, цаг хугацаа шаардагдаж буй юм.

Нээлттэй өгөгдлийн эрхзүйн суурь орчин бүрэлдэж, хөгжиж буй энэ цаг үе нь цаашид нээлттэй өгөгдлийн салбар үр өгөөжтэй, хурдацтай хөгжих эхлэл тул олон талын хамтын ажиллагаа, санаачилга, оролцоо чухал. Мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын үүргээс гадна мэргэжлийн оролцогч талуудын оролцоо, санал үгүйлэгдсээр буй тул Нээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдлийн урлан нээлттэй өгөгдлийн салбарыг анхаарч, техникийн зөвлөх үйлчилгээ, дэмжлэг, хамтын ажиллагаа өрнүүлсээр байна.

Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын төлөөлөл 50 албан хаагч оролцож нээлттэй өгөгдлийн салбарын бодлого, нээлттэй өгөгдөл бүтээхэд хэрэгжүүлэх алхам, шийдвэр гаргалтад өгөгдлийг ашиглах арга зүй болон нээлттэй өгөгдлийн эдийн засгийн үр ашгийн талаар мэдлэг, мэдээлэл авч, төрийн нээлттэй өгөгдөл бий болгоход тулгарч буй асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ.

Төрийн байгууллагууд өгөгдлөө нээлттэй нийтэлж буй ч нээлттэй өгөгдлийн чанарыг сайжруулах, цар хүрээг өргөжүүлэх шаардлага хэвээр байна. Нээлттэй өгөгдөл хариуцсан болон нээлттэй өгөгдөлтэй ажиллах төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нээлттэй өгөгдлийг шийдвэр гаргалтад оновчтой ашиглах, нээлттэй өгөгдлийн хэрэглээг сурталчлах талаар анхаарах шаардлага байна.

Нээлттэй өгөгдлийг бий болгох нь зөвхөн өгөгдлөө цахим хуудсанд байршуулах тухай асуудал биш юм. Мэдээлэл хариуцагч байгууллагууд нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, тодорхой алхамаар өгөгдлөө нээлттэй болгох, тогтвортой, хүртээмжтэй нээлттэй өгөгдөл хөгжүүлэхийг зөвлөж байна.

Нээлттэй өгөгдөл нь засаглалын ил тод байдлыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, нээлттэй өгөгдөлд суурилсан нийгэм, эдийн засгийн үнэ цэн бүтээх түүхий эд юм. Тиймээс цаашид нээлттэй өгөгдлийг бий болгох, ашиглах, хэрэглэх соёлыг түгээхэд үр дүнтэй хамтран ажиллахыг уриалж байна.